өдөр
шөнө
×

Хань ижилтэй хүмүүс илүү урт насалдаг гэв

Зүүн Азийн орнууд, тухайлбал Япон болон Өмнөд Солонгос, Сингапур, Тайваний эрдэмтэд хамтарч 600 мянга гаруй хүмүүсийн дунд 15 жилийн турш судалгаа явуулсны эцэст “Гэр бүлийн амьдрал цагаас эрт үхэхээс сэргийлдэг, энэ нь ялангуяа эхнэртэй эрчүүдэд хурц тод илэрдэг" гэж дүгнэжээ. Судалгаанд оролцогчдын дундаж нас 54 бөгөөд 86% нь эхнэртэй, нөхөртэй байсан. Үлдсэн 14% нь нэг бол хэзээ ч гэрлээгүй, эсвэл салсан, бэлэвсэрсэн аж. Судалгааны хугацаанд оролцогчдоос 123 мянга гаруй нь янз бүрийн шалтгаанаар нас барав. Ганц бие хүмүүсийг хань ижилтэй хүмүүстэй харьцуулахад янз бүрийн шалтгаанаар эрт нас барах эрсдэл 15%-иар их байжээ. Тодруулбал, тархины цусан хангамж доголдсоноос болж 12%, зүрхний өвчнөөр 20%, цусны эргэлтийн системтэй холбоотой өвчний улмаас 17%, хорт хавдраар 6%, амьсгалын замын өвчнөөр 14%, осол гэмтлээр 19%. "Хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг хүнд өвчнөөр шаналж буй хүмүүс хүртэл хэрэв гэр бүлтэй бол илүү урт наслах магадлалтай. Энэ нь ялангуяа эрчүүд ба 65 наснаас доош насныханд хамаатай. Үүний шалтгааныг тайлбарлавал, гэр бүлтэй хүмүүс бие биеэ халамжилж эмнэлгийн тусламж авахыг дэмжиж өөгшүүлдэг, эм тариаг цаг тухайд нь уух буюу хийлгэдэг. Түүнээс гадна гэр бүлтэй хүмүүсийн орлого голдуу илүү өндөр бөгөөд тэд ганц бие хүмүүстэй харьцуулахад амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэх хандлагатай" гэж эрдэмтэд ярилаа.. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top