өдөр
шөнө
×

Турна гэдэг санааных

Залхуу хүмүүст зориулсан турах 10 аргыг санал болгож байна. Та өдөр тутмын хэвийн амьдралдаа жаахан өөрчлөлт оруулахад л турах үйл явц эхэлнэ. 

* Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншиж сур
Нүүрэн талынхаас гадна ар талын бичээсийг заавал унш. Яагаад гэвэл, үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ зарж борлуулахад туслах зүйлийг нүүрэн талд бичдэг, харин ар талд бүх үнэн бий. Жишээ: Е140 бол хлорофилл, Е300 нь аскорбины хүчил. Харин Е110, Е235 бол будагч бодисууд бөгөөд харшил үүсгэгчид. 

* Аягатай хоолоо дуустал идэх хэрэггүй.
Хоол хүнсний үлдэгдлийг хаяж болохгүй, аяган доторхыг дуустал ид гэж бидэнд бага байхаас сургасан. Гэтэл цадсан хойноо ингэж нэмж идэх нь таргалахын үндэс. Иймээс та аажим аажмаар энэ зуршлаа таягдаж хаяарай. 

* Архи, согтууруулах ундаанаас татгалз
Алкоголь өндөр илчлэгтэй, мөн хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. 

* Гэр орны цэвэрлэгээг өөрийн хобби болго 
Орон гэр эмх цэгцтэй бол толгой болон амьдрал ч эмх цэгцтэй. Эцсийн дүнд та эрүүл саруул, илүүдэл жингийн асуудалгүй амьдарна. Гэр орноо цэвэрлэхдээ 100% биеэ дайчилж сур. Шал угаах, шүүгээн доторх хувцсаа ангилж цэгцлэх, угаах зэрэг гэрийн ажлаа идэвхтэй хийх нь спортыг орлодог гэж орчин үеийн судлаачид үздэг болжээ.

* Цахилгаан шатыг бүрмөсөн март
Өгсөх, буухдаа үргэлж шатаар алхал. Гадуур явахдаа зам товчлох хэрэггүй, харин бүр хамгийн урт замаар яваарай. Хэд хоноод шинэ замаар алхалж пульсээ хэмж. 

* Зөвхөн ашигтай амттанг идээрэй
Жирийн шоколад биш гашуун, хар шоколад идвэл илчлэг багасах төдийгүй зүрхний булчинг дэмжинэ, цусан дахь холестерины түвшин тогтворжино. Ер нь биед ашигтай. Дэлгүүрээс амттан, чихэрлэг хүнс худалдаж авахын оронд самар, хатаасан жимс идэхийг хичээ. Эдгээр хүнсэнд ургамлын уураг болон өөх тос хангалттай, иймээс тархи ба зүрх, элгэнд эерэг таатай нөлөөлдөг. 

* Хоол бэлдэх аргаа өөрчил
Шарсан хоол идэх дуртай хүмүүс голдуу тарган байдаг, иймээс та цаашид хоолыг чанаж эсвэл ууранд болгож духовкад жигнэж идээрэй. Тэгээд ч шарсан хоолонд ашигтай бодисуудын 15% л үлддэг бол жигнэсэн, чанасан хүнсэнд бараг хэвээр хадгалагддаг. 

* Хөдөлгөөн танд баяр цэнгэлийг бэлэглэнэ 
Спортод дургүй, залхуу хүмүүс хэрэв турахыг хүсвэл их хөдөл. Гүйлт, алхалт, SUP board,  цана тэшүүр, йог, скандинавын алхалт, сунгалт зэргээс таалагдсан төрлөө сонгож туршаарай. 

* Өөрөө дэглэм зохиож баримтал 
“Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг” гэсэн хэлц үг бий. Бие организмаа эрүүл, эрч хүчтэй, тамир тэнхээтэй байлгая гэвэл өөрөө өөртөө дэглэм бодож ол. Тодорхой нэг цагт бос, унт, бас идэж ууж байгаарай. Энэ дэглэмээ чанд мөрдөх тусам та ба таны бие махбодь стрессгүй бөгөөд тайван, амгалан байх болно. Таргалалтын ихэнх шалтгаан стрессээс үүдэлтэй тухай та уншиж мэдсэн байх. 

* Бүжиглэ 
Зүгээр л хөгжмөө чангалаад бүжиглэ. Хоол хийж байхдаа, аяга тавгаа угаахдаа ч бүжиглэ. Энэ бол сэтгэл доторх сөрөг муу бүхнийг үлдэн хөөж амьдралын сайхныг мэдрэх, өөрийгөө эмчлэх шилдэг арга. 
#МЦогзолмаа орчуулав.
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top