өдөр
шөнө
×

“Зинт” клиникийн эмч Т.Навчаа: Томуугаас сэргийлэхийн тулд томуугийн вакцин жил бүр хийлгэ

Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан өвчний шинж тэмдэг, гэртээ авах арга хэмжээний талаар “Зинт” клиникийн эмч Т.Навчаагаас тодрууллаа.

-Томуугийн дэгдэлтийн улирал эхэлчихлээ. Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ихэнх хүн томуу болоод томуу төст өвчин буюу ханиадыг нэг өвчин гэж ойлгодог. Энэ хоёр бол тэс ондоо өвчин юм. Томуугийн А болон Б хүрээний вирусээр үүсгэгддэг амьсгалын замын үрэвслийг томуу гэнэ. Харин томуугийн вирусээс бусад бүх вирусээр үүсгэгдсэн амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин буюу ханиад шуухинаа гэнэ. Ханиад шуухинаа үүсгэдэг 200 гаруй төрлийн вирус байдаг. Коронавирусийн хувьд 1960-аад оны дунд үеэс эрчимтэй судлагдаж эхэлсэн. Харин “Ковид-19” бол урд нь хэзээ ч бүртгэгдэж байгаагүй коронавирусын шинэ омгийг хэлээд байгаа юм. Түүнээс коронавирус бол хүн төрөлхтөний дунд байсан вирус.

Хүүхдүүд яагаад корона вирусээр хөнгөн өвдөж, нас баралт бага байна гэхээр угаасаа хүүхдүүд өвөл, хавар, намрын цагт короновирусээр өвдөж байдаг учраас дархлаа тогтчихсон байдаг гэсэн тайлбар ч бий. Томуу төст өвчний хамгийн аюултай нь RS вирус юм. Энэ вирусээр нэгээс доош насны нярай хүүхэд өвдвөл маш амархан хүндэрч, амь нас баралт өндөртэй. Анагаах ухаанд 1960-аад оноос хойш энэ вирусийн эсрэг вакцин гаргаж авах гэж ажиллаж байна. Ханиад бол аажмаар эхэлдэг, халууралт өндөр биш. Харин томуугаар өвчилсөн үед шууд өндөр халуурна. Ойр ойрхон, олон хоног өндөр халуурдаг. Булчин шөрмөс, ууц нуруугаар их өвдөнө. Тэгвэл ханиадны үед булчин шөрмөс өвдөх нь бага үндсэн шинж нь найтаалгах. Харин томуугаар өвчилсөн тохиолдолд  хүүхэд өдөр шөнөгүй ханиаж их ядарна. Нөгөө талаар томуугийн үндсэн шинж хамар битүүрдэг. Хоолой өвдөх шинж ханиадны үед элбэг бол томуугийн үед толгой өвддөг. Томуу бол томуу төст өвчнөөсөө хамаагүй хүнд явцтай байдаг.

-Хүүхэд, насанд хүрсэн хүн хоёрт туссан томуугийн өвчлөлийн ялгаатай тал юу вэ?

-Ялгаатай байлгүй яахав. Хүүхэд том хүнийг бодвол дархлаа гүйцэд тогтоогүй байдаг учраас илүү олон хоног өндөр халуурдаг. Энэ бол их аюултай шинж. Таталт өгөх нь элбэг. Томуугаар өвчилсөн хүүхэд бөөлжиж, суулгах нь элбэг. Бага насны хүүхдэд болон 65-аас дээш насныханд уушгины хатгалгаа, дунд чихний үрэвсэл, нас баралт бусад насныхнаас олон тохиолддог тул тэдэнд онцгой анхаарах хэрэгтэй.

-Эцэг эхчүүд хүүхдээ өвдсөн үед дур мэдэн эм тариа хэрэглээд хүндрүүлчихдэг. Ямар нөхцөлд гэрээр эмчилгээ хийх вэ?

-Хүүхэд чинь 3 сар хүрээгүй бол миний дээр хэлсэн шинж тэмдэг илэрвэл шууд эмчид хандах хэрэгтэй. Мөн амьсгалын тоо олшрох, амьсгалахад хүндрэлтэй болж уруул, нүүр хөхрөх, цээж хонхолзох, сүүлийн 8 цаг шингэнээ гадагшлуулахгүй, өндөр халуурах, бөөлжих, суулгах, унтаарах гэх мэт шинж тэмдэг илэрвэл шууд эмчид хандаарай. Эдгээр шинж тэмдэг илрээгүй бол гэрийн нөхцөлд эмчилгээ хийж болно. Ер нь хүүхэд, том хүнд халуурах шинж илэрвэл тусгаарлах нь зөв.  Халуун бууруулах, өвдөлт, ханиалга намдаах жоргүй олгодог эмийг өөрт ойрхон эмийн сангаас мэргэшсэн эмзүйчтэй ярилцаж сонгоод аваад хэрэглэж болно. Хүүхдэд бол уух дуртай шингэнийг нь халуун бүлээнээр нь ойр ойрхон өгөх, хамрыг сайн цэвэрлэж, уураар утах хэрэгтэй. Хүүхэд ялангуяа бага насны хүүхдийн цээжний булчин гүйцэд хөгжөөгүй учраас цэрээ гаргаж чаддаггүй. Тийм учраас цээж доргиох массаж сайн хийж өгөөрэй. Харшлын шалтгаантай ханиад бол хуурай ханиалгадаг. Бас улиралтай хамааралтай учраас одоогийн нөхцөлд бараг л байхгүй.  Цэр ховхлох, шингэлэх эмийг хүүхдэд унтахаас нь өмнө өгч болохгүй гэдгийг анхаарна уу.

Түүнээс гадна идэж ууж зүйлд нь их анхаарах хэрэгтэй. Нэмэгдэл хоолонд орсон хүүхдэд сонгино сармис өгөхийг зөвлөдөг.  Томуу бол хүнд өвчин, нас баралт тохиолддог, нэгээс хоёр долоо хоног шинж тэмдэг илэрдэг, өвчлөөд эдгэрсний дараа нэг сар орчим ядрах байдал үргэлжилдэг. 

-Сэргийлэх арга зам юу вэ. Энэ талаар та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Томуугаас сэргийлэхийн тулд томуугийн вакцин жил бүр хийлгэхийг зөвлөдөг. Жил бүр вирус нь мутацид орж байдаг учраас вакцин хийлгэх шаардлагатай болдог. Одоо гараад байгаа А хүрээний томуу өвчин бол их хүнд тусдаг, цар тахал үүсгэдэг, нас баралт В хүрээний вирусийг бодвол илүү байдаг. Тиймээс томуугийн вакцин заавал жил бүр хийлгэх нь хүндрэл нас баралтаас сэргийлэх хамгийн чухал ач холбогдолтой.  Томуугийн вакцин хийлгээд ханиад тусдаг, нэмэргүй юм байна гэдэг цуу ярианы тайлбарыг шинжлэх ухаанчаар ойлгосон байх гэж найдаж байна. Томуу, ханиад хоёр чинь тэс өөр өвчин учраас томуугийн вакцин хийлгэвэл томуугаас л сэргийлнэ. Ханиаднаас сэргийлэхгүй. Одоогоор анагаах ухаанд ханиадны вакцин гараагүй байна.  60 гаруй жилийн судалгаа хийгдэж байна, 2022 онд гарна гэж найдаж байгаа. Дараагийн сэргийлэх арга нь ариун цэвэр, эрүүл ахуйн  дэглэмийг сайтар баримтлах юм шүү.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top