өдөр
шөнө
×

Hypertension: Ковидын дараа даралт өндөр болж тогтворжих эрсдэлтэй

“COVID 19"-өөр өвчилсний дараа тогтмол өндөр даралттай болох эрсдэлтэй хэмээн Нью-Йорк дахь Альберт Эйнштейний Анагаахын коллежийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэд грипп ба ковидоор өвчилсний дараах байдлыг харьцуулан судалгаа явуулжээ. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “Hypertension” сэтгүүл нийтэлсэн аж. Ковидын хүнд хэлбэрээр өвчилж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөнүүдийг грипп туссан хүмүүстэй харьцуулахад гипертензи буюу өндөр даралт тогтворжих магадлал 2,3 дахин их байжээ. Харин “COVID 19”-р өвчилсөн ч эмнэлэгт хэвтээгүй хүмүүсийг гриппээр өвчлөгсөдтэй харьцуулахад дээрх үзүүлэлт 1,52 дахин их байв. Гипертензи тогтворжих үзэгдэл ахимаг насныхан, эрчүүд, мөн уушигны болон зүрх, бөөрний архаг өвчтэй хүмүүст илүү илэрчээ. Түүнчлэн кортикостероидууд, судас нарийсгах эм уух нь эрсдэлийн нэмэлт хүчин зүйл болж байв. 
Энэхүү судалгаанд өмнө нь гипертензи илэрч байгаагүй 58,8 мянган хүний мэдээлэл, өгөгдлийг ашигласан. Тэдний 45 мянга нь ковид туссан, харин 13,8 мянга нь гриппээр өвчилжээ. “6 сар ажиглах хугацаанд ковидоор өвчилж эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн 20,6%-д, харин коронавирүсийн халдвар авсан ч эмнэлэгт хэвтээгүй хүмүүсийн 10,85%-д гипертензи тогтмол бүртгэгдсэн. Иймээс эрсдэлийн бүлэгт багтдаг бүх өвчтөн, мөн ковидоор өвчилсөн хүмүүс заавал гипертензи илрүүлэх скринингт хамрагдах ёстой” хэмээн эрдэмтэд зөвлөлөө. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top