өдөр
шөнө
×

Дуртай хөгжмөө сонсвол өвдөлт намддаг

Бие махбодийн өвдөлтийг эмгүй бууруулах, намдаах аргыг олсон гэж Макгиллын их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааг “Frontiers in Pain Research” сэтгүүл нийтэлжээ. Өмнөх туршилтуудаар өвдөлтийн хүчийг хөгжим бууруулдаг болохыг эрдэмтэд нотолсон, харин одоо чухам ямар төрлийн хөгжим илүү сайн нөлөөлж буйг тодруулсан байна. Туршилтанд 63 хүн сайн дураар хамрагджээ. Оролцогчдын мөр орчимд халуун юмаар хүрч өвтгөв, яг халуун цайтай аягаар хүрсэн мэт мэдрэмж төрүүлэхийг хичээсэн. Энэ үеэр тэдэнд дуртай аялгууг нь бас өмнө сонсоогүй ямар нэг тайвшруулах хөгжмийн цуглуулга сонсгож эсвэл анир чимээгүй орчинд байлгажээ. “Дуртай хөгжмөө сонсох нь өвдөлтийг хамгийн их бууруулж таагүй байдлыг багасгаж байсан. Мэдэхгүй дуу хөгжмөө сонсох нь ийм үр дүн өгөөгүй. Тиймээс дуртай хөгжмөө сонсох нь өвдөлтийг намдаадаг гэж бид дүгнэлээ” хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Судлаачид түүнчлэн дуртай хөгжмөө сонсох үеийн сэтгэл хөдлөлийн талаар оролцогчдоос асуулга авчээ. “Сэтгэл шимшрүүлж уяраасан дуу хөгжим сонсоход сайхан дурсамж сэдэрч улмаар хөгжилтэй, тайвшруулах хөгжим сонссоноос илүү сайн өвдөлтийг намдааж байлаа. Яагаад гэвэл бие арвагнаж “шар үс босох” шиг болдог гэж оролцогчид ярьжээ. Энэ нь өвдөлтийн сигналыг блоклосонтой холбоотой гэж бид үзэж байна. Ямартай ч дуртай аялгуу, дуу хөгжмийг сонсох үед өвдөлт 10%-иар намддаг болохыг бид нотолсон. Хөгжим мэдээж эмийг орлохгүй, гэхдээ өвдөлтийн хүчийг сулруулна. Хөгжим бас ямар ч харшлах заалт, сөрөг уршиг дагаваргүй” гэж Кингстон дахь Хааны их сургуулийн био анагаахын ба молекулын шинжлэх ухааны профессор Патрик Строман ярилаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top