өдөр
шөнө
×

Гибрид ажлын хуваарь хамгийн ашигтай гэжээ

Хамгийн үр өгөөжтэй ажлын хуваарийг тодруулахаар АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Николас Блумаар удирдуулсан баг ажиллажээ. Тэд энэ туршилтандаа “Trip.com” хэмээх аялал жуулчлалын олон улсын компаний 1612 ажилтныг хамруулав. Ажилтнуудыг төрсөн өдрөөс хамааран (тэгш эсвэл сондгой) 3 бүлэг болгон хуваажээ. Ингээд 1-р бүлэгт багтсан оролцогчид лхагва, баасан гарагт гэрээр ажиллаж бусад үед офист ирж байсан. 2-р бүлгийнхэн өдөр бүр ажлын байрандаа ирж ажиллажээ. Харин бусад ажилтан судалгаанд оролцоогүй. Туршилтыг дүгнэхэд ажлын хуваарийн эхний хувилбар олон давуу талтай байгаа нь батлагдлаа. Өөрөөр хэлбэл, гибрид ажлын хуваарийг хамгийн ашигтай, үр өгөөжтэй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Яагаад гэвэл, гибрид ажлын хуваарьтай ажилтнууд ажлаас гарах нь цөөрсөн. Тодруулбал, 6 сарын хугацаанд энэ үзүүлэлт гуравны нэгээр буурсан байна. Түүнчлэн гэр нь хол эмэгтэйчүүдээс асуулга авахад ажлын нөхцөл байдал илүү сайжирсан гэжээ. Хамгийн гол нь өөрийн ажлаас таашаал авах нь нэмэгдсэн тухай оролцогчид ярилаа. Энэ туршилт эхлэхээс өмнө үе үе гэрээр ажиллах нь ажлын бүтээмжийг 2,6% бууруулдаг гэж судлаачид үзэж байсан. Гэтэл ажлын бүтээмж буурах байтугай 1% өссөнийг туршилт нотоллоо. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “Nature” сэтгүүл нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top