өдөр
шөнө
×

Орос 2 янзын хамрын вакцинаа туршаад бүртгүүлэхээр болов

ОХУ-ын Гамалеин нэрэмжит Тахал, микробиологийн үндэсний судалгааны төв өөрийн бүтээсэн коронавирүсийн эсрэг хамрын вакциныг бүртгүүлэхээр өргөдлөө өгсөн тухай тус орны Эрүүл мэндийн яам мэдээлсэн гэж “ТАСС” агентлаг дамжууллаа. Гамалеи төвийн захирал, ШУА-ын академич Александр Гинцбург “Манай хамрын вакциныг сайн дурынхан дээр туршихад ямар ч хүндрэл, харш нөлөө ажиглагдаагүй, бүртгэгдээгүй. Ковидын эсрэг вакцины бүтэц нь Спутник V-тай адил. Хамрын энэ вакцины үйлчлэх хугацаа 6 сар” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн тус төвийн эмч нар “COVID 19”-н эсрэг хамрын вакцинд хамрагдсаны дараа дархлааг нь шалгах тест систем боловсруулжээ. Цусны шинжилгээ төдийгүй хамраас сорьц авч дархлааг тодорхойлох аргыг эрдэмтэд боловсруулсан гэж “РИА Новости” мэдээлэв. Москвад одоо 2 төрлийн хамрын вакциныг туршиж байгаа аж. Нэг нь Гамалеи төвийнх, нөгөөг “Генериум” компани бүтээсэн ба энэхүү хамрын вакциныг 2 сарын 15-наас Москва хотын 6 эмнэлэг дээр туршсанаас хойш 50 гаруй хүн хамрагджээ. Хамрын вакцины туршилтад 18-аас дээш насны эрүүл, өмнө нь вакцин хийлгээгүй, сүүлийн 6 сард ковидоор өвдөөгүй, мөн сүүлийн 14 хоногт ковидтой өвчтөнтэй харьцаагүй хүмүүс оржээ. Гамалеин хамрын вакцин нь цацлага хэлбэртэй, “Спутник V” шиг 2 тунтай ба 21 өдрийн зайтай 2 удаа хийлгэнэ. “Генериум” компаний хамрын вакцин мөн бүтцээрээ “Спутник V” тарьдаг вакцинтай төстэй юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top