өдөр
шөнө
×

Бясалгалын ачаар өндөр даралтыг бууруулах боломжтой

“Цусны өндөр даралтыг бууруулдаг, сайн эм олон бий. Гэхдээ аливаа эм уухын өмнө эхлээд өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөх гэж оролдоорой. Манай сүүлийн үеийн клиник ажиглалт, эрдэм шинжилгээний судалгаанаас үзэхэд артерийн даралтаа хянаж амьдралын хэв маягаа өөрчилж чадвал эм хэрэглэлгүй даралтыг үр дүнтэй бууруулах боломжтой” хэмээн дэлхийн 18 орны шинжээчдээс бүрдсэн баг мэдэгдлээ. “Өндөр даралтыг эм уулгүй буулгах арга бий. Бясалгал, йог, сайн нойр зэрэг нь өндөр даралтыг бууруулж хэвийн болгоход маш сайн үр дүн өгч байна” хэмээн Лондоны их сургуулийн коллежийн эрдэмтэд зөвлөжээ. Тэдний судалгааг “Journal of Hypertension” сэтгүүл нийтэлжээ. 
Өндөр даралтыг бууруулахад эерэгээр нөлөөлдөг хүчин зүйлсийн тоонд биеийн жинг хэвийн барих, байнгын хөдөлгөөн, эрүүл хооллолт, давсыг хязгаарлах, архи тамхинаас татгалзах... зэрэг багтдаг гэж хүмүүс сайн мэддэг ч амьдрал дээр хэрэгжүүлэх нь цөөн. Тиймээс одоо эрдэмтэд үүн дээр ухамсарлал, амьдралд хэрэгжүүлэх гэсэн 2 хүчин зүйлийг нэмжээ. “Бясалгал, йог, булчингийн дасгал, гүн амьсгалын дасгал зэрэг нь цусны даралтыг бууруулахад тустай. Мөн нойр маш чухал үүрэгтэй. Нойрын чанар, унтахаар хэвтэх цаг, нойрсох хугацаа зэрэгт онцгойлон анхаарал хандуулах ёстой. Түүнчлэн агаарын бохирдол нь даралтыг өндөр болгох зэргээр сөрөг нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Иймээс Засгийн газрууд агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг шуурхай авах ёстой. Харин хүмүүс гэр орондоо бохир агаарын нөлөөг бууруулахыг хичээх хэрэгтэй” хэмээн эрдэмтэд мэдэгдэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top