өдөр
шөнө
×

Зурагт хэт их үзвэл тэнэг болно

“Аливаа өвчний шалтгаан ихэнхдээ хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотой. Деменци буюу ухаан муудаж доройтох (тэнэгрэх, зөнөгтөх) өвчний шалтгааныг судалж үзэхэд 47-73% нь тухайн хүний өдөр тутмын дадал зуршлаас болсон байна хэмээн Английн эрдэмтэд мэдэгдсэн” гэж “Nature Human Behavior” бичжээ. 
Английн Биобанкны энэ судалгаанд 344 мянга гаруй хүн оролцжээ. Эмч нар 15 жилийн турш тэдний эрүүл мэндийн байдлыг ажигласан. “Олон тохиолдолд деменци үүсэхээс урьчилан сэргийлэх боломжтой байсан. Ер нь деменцийг эмчлэхээс урьдчилан сэргийлэх нь илүү хялбар болохыг манай судалгааны үр дүн харуулав. Бид энэ өвчин үүсэх эрсдэлтэй хэдэн хүчин зүйлийг олж тогтоолоо. Зурагт хэт их үзэх, буруу нойрсох нь деменци үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Буруу нойрсох гэж хоногт 7 цагаас бага унтах, эсвэл 9 цагаас удаан унтахыг хэлж байна. Деменци үүссэн шалтгааныг авч үзвэл 17% нь амьдралын буруу хэв маягаас болжээ...  Иймээс өөрийн дадал зуршлыг өөрчилснөөр энэ өвчнөөс сэргийлэх боломжтой. Түүнчлэн ганцаардал, тусгаарлалт нь энэ өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ген, удамшлаас үл хамааран амьдралын эрүүл хэв маягийг баримталж хөдөлгөөнийг эрхэмлэн биеийн байдлаа тогтмол хянаж байвал деменциэр өвчлөх магадлал бага. Түүнээс гадна нийгэм - эдийн засгийн статусаа сайжруулж хүрээлэн буй орчин болон амьдралын нөхцөл байдлаа дээшлүүлэхийг хичээ. Стресст өртөхгүй байх хэрэгтэй... Деменци өдөөж болзошгүй диабет, инсульт зэрэг өвчний уршиг дагаврыг та биеийн дасгал хийх, зөв хооллох, ус хангалттай хэрэглэх зэргээр багасгаж болно” гэж судалгааг санаачлагчдын нэг, профессор Дэвид Смит зөвлөжээ. 
Хачирхалтай мэт боловч деменци тусах эрсдэл нь тухайн хүний нийгмийн статусаас хамаардаг аж. Жишээ нь, ажилгүй эсвэл бага орлоготой хүнд деменци тусах магадлал 13,5%-иар өндөр. Яагаад гэвэл амьдралын эрүүл хэв маягийг баримтлах түүнд их хэцүү. 


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top