өдөр
шөнө
×

Спорт заал сэтгэл засахад тусалдаг

Түгшүүрээс ангижрах, сэтгэл санааг засах энгийн аргыг эрдэмтэд санал болголоо. “Спорт танхимд байнга очиж тоглох, дасгал сургуулилт хийх нь ямарваа эм, сэтгэл зүйн эмчилгээнээс илүү тус болж сэтгэл санааны байдал дээшилж байгааг манай судалгаа нотоллоо” хэмээн Швед улсын Гетеборгийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдэв. Тэдний судалгааны дүнг “Journal of Affective Disorders” сэтгүүл нийтэлжээ. Судалгаанд сэтгэл түгших зовиуртай 286 өвчтөн хамрагджээ. Тэдний тал нь 10 гаруй жил хэт түгшимхий гэсэн оноштой эмчлүүлж байсан. Оролцогчдын дундаж нас 39 ба 70% нь эмэгтэйчүүд. Эмчилгээний биеийн тамирын мэргэжилтны хяналтан дор өвчтөнүүд 3 сарын турш спорт танхимд хичээллэжээ. Оролцогчдыг санамсаргүй байдлаар 3 бүлэгт хуваасан. 1-р бүлэг дундаж ачаалалтай, харин 2-р бүлэг эрчимжүүлсэн байдлаар хичээллэж байв. 3-р буюу хяналтын бүлэг спорт танхимд очдоггүй, гэхдээ биеийн хөдөлгөөн эрүүл мэндэд ашигтай тухай зөвлөгөө тогтмол авч байлаа. 1 ба 2-р бүлэг 7 хоногт 3 удаа бүтэн цагийн турш зүрхний болон хүчний дасгал хийсэн. Ингээд 3 сарын дараа үр дүнг гаргахад 1 ба 2-р бүлгийн хүмүүсийн түгшүүрийн түвшин нь хяналтын бүлгийнхнээс мэдэгдэхүйц буурчээ. Тэгэхдээ 2-р бүлгийн хүмүүсийн сэтгэл санааны байдал хамгийн их сайжирсан байлаа. “Сэтгэл зүйн эмчилгээ нилээд өндөр өртөгтэй тул хүссэн болгонд хүртээмжтэй биш. Мөн сэтгэцийн эмчилгээний зарим эм харш нөлөө үзүүлэх нь бий. Ийм учраас сэтгэцийн стандарт эмчилгээг спорт зааланд байнга хичээллэхтэй (эсвэл бие даан гэртээ дасгал сургуулилт тогтмол хийх) хослуулбал илүү үр дүнтэй. Зарим хөнгөн тохиолдолд спорт заал нь сэтгэл засах эмчилгээг орлох боломжтой” гэж эрдэмтэд зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top