өдөр
шөнө
×

Өвдөгний өвдөлт намдаах өвөрмөц арга

Английн Бирмингэм дэх Согог заслын Хааны эмнэлгийн физиотерапевт Узо Эхиогу өвдөгний өвчин намдаах ер бусын аргын тухай ярьсныг “Daily Mail” нийтэлжээ. “Гарын хүчийг хөгжүүлэх дасгалуудын ачаар остеоартритын улмаас өвдөг өвдөхийг хөнгөвчилж намдааж болно... Артритын үед өвдөг хүчтэй өвдөхийг багасгах шилдэг аргын нэг бол биеийн ачаалал тодорхой хэмжээтэй, тогтмол байх. Яагаад гэвэл, дасгалын тусламжтай үе мөчний эргэн тойрны булчингууд бэхжиж илүүдэл ачаалал арилна. Мэдээж остеоартриттай хүмүүс дасгал хийх хэцүү, тэр тусмаа хөлний дасгал хийх, гүйх, алхах тун амаргүй... Өмнөх хэдэн судалгаанаас үзэхэд гараа их хөдөлгөж биеийн хөдөлгөөнийг идэвхтэй үйлдсэнээр (дугуй унах гэх мэт) өвдөгний өвдөлт намдаж байв, энэ нь гүйлтийн зам дээр алхсанаас илүү үр дүн өгсөн” гэж Узо Эхиогу мэдэгдлээ. Гарын хүчний дасгал үнэхээр өвдөгний артриттай хүмүүсийн хөлийг бэхжүүлдэг эсэхийг шалгах туршилтыг АНУ-ын Техасын их сургуулийн эрдэмтэд явуулах гэж байгаа талаар Узо Эхиогу ярив. Шинэ туршилтад 60 хүн сайн дураар оролцоно. Туршилтын явцад оролцогчид 20 минутын турш гарын хүчийг хөгжүүлэх дасгалуудыг хийх аж. “Америкийн эрдэмтэд одоо “muscle cross education” онолыг бодит амьдрал дээр туршихаар зэхэж байна. Булчингийн дасгал, жишээ нь зүүн гарын дасгал хийхэд баруун гарт эерэг нөлөөлнө гэж одоо үздэг. Энэ үзэгдлийн суурь үндэс нь мэдрэлийн төв системд явагддаг нейроны дасан зохицолт юм. Нэг мөчний дасгал сургуулилтын үеэр үүссэн нейрон холбоо нь дасгал хийгээгүй нөгөө мөчний хөдөлгөөний идэвхийг сайжруулж булчингийн хүчийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг гэсэн онол бий. Хэрэв үнэхээр тийм бол гарын дасгалуудыг тогтмол хийснээр хөлний булчингууд бэхжих ёстой” гэж Узо Эхиогу тайлбарлалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top