өдөр
шөнө
×

Аз жаргалтай хөгшрөх жор

АНУ-ын Орегон мужийн их сургуулийн эррдэмтэд аз жаргалтай хөгшрөх нууцыг нээжээ. “Хамгийн гол нь өөдрөг үзэл, хөгшрөлт муу зүйл биш гэсэн итгэл үнэмшил. Хэрэв та өөрөө нас ахих тусам эрүүл, идэвхтэй, нийтэч хэвээр байна гэдэгтээ бүрэн итгэлтэй байх юм бол яг тэгж л хөгширнө. Хүмүүс 50 настайдаа өөрсдийгөө яаж хүлээн авч буйгаас ирэх 40 жилд тэдний эрүүл мэнд ямар байхыг таамаглаж болдог. Тухайлбал, инфаркт эсвэл инсульт, ой санамж ба вестибуляр аппаратын байдал, амьдрах хүсэл эрмэлзлэл, эмнэлэгт хэвтэх тоо, тэр бүү хэл хэд наслахыг ч урьдчилан хэлэх боломжтой. Өөдрөг үзэл, ирээдүйн “би”-д итгэлтэй байх явдал их чухал. Өөрөөр хэлбэл ирээдүйд өөрийн хүссэнээр амьдарч чадах эсэхийг хүн өөрөө ямар нэг хэмжээгээр тодорхойлдог” гэж эрдэмтэд мэдэгдэв.  
Судалгаанд дунд эргэм болон ахмад настай 244 хүн хамрагдсан. Тэднээс асуулга авч дараах асуултуудыг тавьжээ: “Би хөгшрөх тусам бүх юм илүү муудах болно”, “Би одоо өнгөрсөн жилийнх шигээ  эрч хүчтэй хэвээр”, “Хөгшин болсны дараа би хэнд ч хэрэггүй болно”, “Тодорхойгүй нөхцөл байдал үүсвэл би үргэлж сайнаар төгсөнө гэдэгт итгэж найддаг”. Түүнчлэн хөгширсний дараа өөрийгөө ямар байгаасай гэж хүсдэг, мөн ямар байхыг огт хүсэхгүй талаар өгүүлэхийг оролцогчдоос хүсчээ. 
Эерэг хувилбар: Нийтэч, олонтойгоо бужигнасан, дотны үнэнч найзуудаар хүрээлүүлсэн, Эрүүл, идэвхтэй хөдөлгөөнтэй. 
Сөрөг хувилбар: Архаг өвчтэй, өвдөж шаналсан хүн. Өдөр тутмын амьдралд бусдаас хамааралтай. Хагас галзуу, гажигтай, бас ууртай эмгэн. 
Өөрийн хөгшрөлтөд өөдрөгөөр ханддаг хүмүүсийг үүнд өөрөөр ханддаг хүмүүстэй харьцуулахад 7,5 жилээр илүү насалж байлаа. Чухамдаа хөгшрөх явцад хандах хандлага л тухайн хүмүүсийн эрүүл мэндийн байдалтай нягт уялдаа холбоотой аж. Өөдрөг үзэлтнүүд өөрсдийн хөгшрөлтөд илүү эерэг хандаж, “Хөгширсөн ч бүх зүйл сайн сайхан байх болно, сөрөг юм тохиолдохгүй” гэж итгэдэг. Өндөр наслалттай холбоотой хэвшмэл ойлголтыг тухайн хүн өөрөө хэрхэн үздэг нь ирээдүйн “би”-д хандах хандлагад гол үүрэг гүйцэтгэдэг аж: Хөгшин хүн муу жолооч, тэд юу ч санадаггүй, хөдөлгөөнтэй идэвхтэй байх чадваргүй..... 
“Бүр 4 настай хүүхдүүд хүртэл хөгшин хүмүүсийн тухай сөрөг хэвшмэл ойлголттой болсон байдаг. Хэрэв танд аз дайрч хөгширтлөө амьд явбал та энэ бүхнийг заавал биеэр амсана..... Гэвч үнэндээ ийм хандлага хөгшдөд асар их хор хөнөөлтэй... Хөгшдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудын зарим нь биологийн шалтгаантай биш, үүний үндэс суурь нь таны оюун ухаан ба бие махбодийн төвөгтэй харилцан үйлчлэл. Хэрэв та өөртөө ямар нэг муу юм тохиолдоно гэж итгэж явдаг бол энэ  бүхэн таны амьдрах хүсэл эрмэлзлэлийг яг зэв шиг “идэж” улмаар та биеэ тэгж л авч явах болно. Таны сөрөг хүлээлт эцсийн бүлэгт амьдралд хэрэгжин биелнэ” гэж судалгааг санаачлагчдын нэг Карен Хукер мэдэгдлээ. 
#МЦогзолмаа орчуулав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top