өдөр
шөнө
×

Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд нэг алхам ойртлоо

Эхний зорилгоо бүрэн дүүрэн биелүүлж, дараагийн шат руу оров

 Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундааны хэмжээ өнгөрсөн оны байдлаар 32.7 сая литр буюу 21.6 хувиар, мөн импортын хэмжээ 18 хувиар, улсын хэмжээнд борлуулсан согтууруулах ундаа 1.7 сая литрээр буурчээ. Мөн дотоодын үйлдвэрлэгчид архины хатуулгийг 1-2 градусаар бууруулж, улмаар согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг 15 хувиар багассан байна. Энэ бол үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний эхний шатны үр дүн. Эхний шатны гэж тодотгосны учир нь, тус хөдөлгөөнийг үе шаттайгаар буюу арван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү хөдөлгөөнийг 2022 онд эхлүүлж, өдгөө эхний шатны зорилго зорилтоо бататгав.  

Энэхүү зорилгод хүрэхийн тулд эхний ээлжид согтууруулах ундааны хатуулгийг хоёр жилд хоёр гра­дусаар бууруулах бод­лого хэрэгжүүлэв. Согтуу­руулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, улмаар арав гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулан өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэг­жүүлж эхэлсэн. Тухайлбал, согтуу­руулах ундааны хатуулгаас хамаарч ногдуулах онцгой албан татварын хэмжээ нэмэгдэж байх зохицуулалтыг Онцгой албан татварын тухай хуульд оруулсан. Энэ мэтчилэн хууль эрх зүйн хувьд эрс шинэчлэл хийхээс гадна бүх нийтээр тэмдэглэдэг томоохон хэмжээний баярын өдрүүдийг угтан “Намайг алгас”, “Та татгалз” зэрэг нөлөөллийн аян зохион байгуулав. Эдгээр цогц арга хэмжээний үр дүнд энэ жилийн Цагаан сараар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоод­сон зөрчил өнгөрсөн оных­той харьцуулахад 57.6 хувиар буурсан байна. 

Дараагийн томоохон дэвшил нь Архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлагдсан найм орчим тэрбум төгрөгийг архины хор хөнөөлийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулж эхэлсэн явдал юм.  

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний эцсийн том зорилго бол монгол хүний дундаж нас­лалтыг уртасгах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож зан үйлийг нь өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш “Эрүүл Монгол хүн”-ийг төлөвшүүлэх явдал. Тиймээс хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн шинэчлэл, үйл ажиллагаа болон нөлөөллийн ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжилтийн явцыг дүгнэх, ойрын болон урт хугацааны үр дүнг тооцохдоо эрдэмтэн судлаачдын оролцоо, туршлага, шинжлэх ухааны мэдлэг, инновацад тулгуурладаг байна.  

  Дараагийн шатны хөтөлбөр, арга хэмжээ юу вэ 

 Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь эрэгтэй бөгөөд тэдний 50 орчим хувь нь ажилгүй байдаг аж. Тиймээс цаашид “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний дараагийн шатанд архинд донтох эмгэгтэй, болох эрсдэлтэй хүмүүсийг эмчилж, ажлын байраар хангахад анхаарч, эмчилгээний болон сэтгэл зүйн багийг ажиллуулж эхэлсэн байна. Эхний ээлжид жишиг болгон “Эрүүл Хан-Уул дүүрэг” төслийг эхлүүлж тодорхой үр дүн гарч эхэлсэн байна. Тухайлбал, архинд донтох эмгэгтэй хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх тасгийг нээж, 100 гаруй хүнийг эмчилгээнд хамруулжээ. Ингэхдээ биеийн болон сэтгэл заслын эмчилгээнд бүрэн хамруулбал эдгэрэлтийн хугацаа хурдан, илүү үр дүнтэй байдаг гэдгийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэтгэц, нийгмийн сэргээн засах клиникийн тасгийн эрхлэгч хэллээ. Цаашид энэхүү төслийг бүх дүүрэг болон аймгийн төвд хэрэгжүүлэх юм байна.  

Сүүлийн үед эрэгтэйчүүдээс гадна эмэгтэйчүүд, хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ газар авчээ. 2019 оны судалгаагаар эрэгтэйчүүдийн 43.7 хувь нь тамхи татаж байсан бол энэ тоо өдгөө 48 хувь болж нэмэгдсэн байна. Харин тамхи татдаг эмэгтэйчүүдийн хувь сүүлийн таван жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдэж, 20 хувьд хүрчээ. Хамгийн аюултай нь тамхи татах нас хурдтай залуужиж 18-аас 15 болсон байна. Эрдэмтэн, судлаачдын хэлж буйгаар хавдрын өвчний шалтгааны 30 хувь нь тамхинаас шалтгаалдаг. Мөн хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна таргалалт болон зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан болдог чихэрлэг ундаа, чихэрлэг бүтээгдэхүүн, сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрчим­жүүлж, эрх зүйн орчныг сайжруу­лахад “Эрүүл монгол хүн” хөдөл­гөөний багийнхан анхаарч эхэлсэн байна.  

Түүнчлэн эрүүл ирээдүй бүтээ­хийн тулд сургуулийн өмнөх боловсролын шатанд урьд­чилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, багш бэлтгэх зэрэгт анхаарч холбогдох бодлого, хөтөлбөрийг боловсруулжээ. Жишээлбэл, зургаан настнуудад зүрх судасны тогтолцооны үзлэг, оно­шилгоо хийж, биеийн өсөлт, хөгжлийн индексийг нь тодор­хойлох бол дөрөвдүгээр ангид нь амьсгалын эрхтэн тогтолцоо, наймдугаар ангид нь мэдрэл, төгсөх ангид нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөлийг оношлох аж. 
Президент” спорт цогцолборыг барьж эхэлжээ

 Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаарах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Президент” спорт цогцолбор барихаар бүтээн байгуулалтынх нь ажлыг эхлүүлжээ. Тус цогцолборт 5000-6000 орчим хүүхэд, залуус спортоор хичээллэх багтаамжтай бөгөөд 19 төрлийн спортын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. 

Нийтийн биеийн тамирын норм, норматив тогтоож, бие бялдрын хөгжлийн мэдлэг, боловсролыг бага наснаас нь олгохын тулд цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт цогц, шинэлэг байдлаар тусган хэрэгжүүлэх ёстойг холбогдох албаныхан хэлж байна. 

 Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж чадвал өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой

Монгол хүний дундаж наслалт дэлхийн дунджаас бага бөгөөд хамгийн ойрын хоёр хөрш улсын иргэдийн дундаж наслалттай харьцуулахад Монгол хүн 5-7 жилээр бага насалдаг байна. Үүгээр ч үл барам манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нэмэгджээ. Тодруулбал, 1990 оноос 2020 он хүртэлх хугацаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хоёр дахин нэмэгдэж 9.5 болжээ. Өөрөө хэлбэл, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.7 буюу эмэгтэйчүүдээс арван насаар бага насалдаг бөгөөд тэдний 50 гаруй хувь нь ид хийж бүтээх насандаа нас. Үүний гол суурь шалтгаан буюу монгол хүний эрүүл мэнд, амьдрал ахуй, ажил төрөлд хамгийн их сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл бол архи, согтууруулах ундаа, дараагийнх нь тамхи, мансууруулах бодис, зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал болохыг судалгаагаар тогтоожээ. Эдгээрээс улбаатай үүсэж буй сөрөг нөлөөг судал­гаанаас гадна бодит амьдрал, бидний эргэн тойронд өрнөж буй үйл явдал харуулж буй. Тухайлбал, эрэгтэйчүүд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах, гэр бүлдээ агсам тавьж, хүчирхийлэх гэх мэт зөрчил гаргадаг.  

Зарим нэг судалгааг дурдъя. Хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг. Эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр архийг хэтрүүлэн хэрэглэдэг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс арав орчим жилээр богино насалдаг. Эрэгтэйчүүдийн дунд зүрх судас, амьсгал, хоол боловсруулах, бэлгийн замын өвчин, элэгний болон ходоодны хорт хавдар зонхилон тохиолддог. Үүний суурь шалтгаан нь архи, тамхины хэрэглээ бөгөөд хорт хавдрын шалтгааны 36 хувь нь тамхитай холбоотой, 30 хувь нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй гэдгийг мэргэжлийн холбогдох хүмүүс хэлж, анхааруулсаар байгаа билээ. Гэхдээ эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж чадвал эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг мөн тодотгож буй. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачилжээ. Ингэхдээ холбогдох тодорхой судалгаа, шинжилгээнд тулгуурлахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг засаж залруулахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг цогцоор нь боловс­руулсан байна.  

Манай улс өнгөрсөн хугацаанд эмнэлгийн хүртээмж, тусламж үйл­чилгээг сайжруулахад анхаарал хандуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, аливаа өвчнөөс урьдчилан сэр­гийлэх бус өвдсөнийх нь дараах эмчилгээ, үйлчилгээнд ач хол­богдол өгч байсан алдаа, дутагдлыг засах гол бодлого, хөтөлбөр бол “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн юм. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд гурван хүчин зүйлд анхаарах ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан тодотгов. Тухайлбал, нэгдүгээрт, тухайн өвчин үүсэх шалтгаан, нөхцөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх. Хоёрдугаарт, эрт илрүүлж оношлох. Гуравдугаарт, богино хугацаанд оновчтой эмчлэх. Эдгээр асуудлыг оновчтой хуваарилж, зөв зохион байгуулж чадвал 5-10 жилийн дотор бодит үр дүн гарах боломжтой гэдгийг мөн онцолсон юм. 

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top