Дэлхийд жилдээ 18.000.000 хүн хорт хавдраар оношлогдоход 560.000 гаруй умайн хүзүүний хорт хавдартай эмэгтэйчүүд бүртгэгддэг. Монгол улс зүүн азидаа умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөрөө тэргүүлж байгааг ДЭМБ-ын судалгаагаар гаргасан. Монгол улсын 2019 оны хорт хавдрын статистик мэдээллийг харахад 333 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон байна. Умайн хүзүүний хорт хавдрын 50 хувь нь эрт үедээ, 50 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон. Умайн хүзүүний хавдрын өнөөгийн нөхцөл байдлын талаар Хавдар судлалын үндэсний төвийн Хорт хавдрын бүртгэл тандалт эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаатай ярилцлаа.
Умайн хүзүүний хорт хавдар ихсэх болсон нь юутай холбоотой вэ. Гол шалтгаан нь юу вэ?
Монголд хамгийн түгээмэл байгаа хавдар нь элэгний хавдар. Элэгний хорт хавдрын гол шалтгаан нь В,С,Д вирусын халдвар энэ нь хавдар үүсэх өндөр эрсдэл болдог. Үүнтэй адил умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд хүний папиллома вирус (ХПВ)-ын халдвар хамгийн их нөлөөтэй энэ вирусыг Монголчууд хөхөнцөр гэж ч ярьдаг. Хүний папиллома вирус нь дотроо 100 гаруй төрөл байдгаас умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэх өндөр эрсдэлтэй 14 хэв шинж байна. (16,18,31,33,35,39,45,51,52,56,58,59,66,68). Өндөр эрсдэлтэй хүний папиллома вирус нь умайн хүзүүний хорт хавдартай эмэгтэйчүүдийн 97 хувьд оношлогддог байна. Хүний папиллома вирус нь удаан хугацаанд (ойролцоогоор 20 орчим жил) умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуур эдийн хэвийн эсүүдийг гэмтээн өөрчлөлтөд оруулснаар эсийн гаж хувирал явагдаж умайн хүзүүний хорт хавдар үүсгэх нөхцөл бүрдэнэ. Энэ вирус нь бэлгийн замаар дамжиж халдварладаг эрэгтэйчүүд дамжуулагч болдог. Халдвар авах эрсдэл нь эрт бэлгийн харьцаанд орох, олон бэлгийн хавьтагчтай байх гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаална. Хүний биеийн дархлаанаас шалтгаалан цөөн тохиолдолд аажимдаа уг вирус алга болж болно. Умайн хүзүүний хавдар тийм ч хурдан үүсдэггүй. Суурь, урьдал өвчнүүдийн үе шатыг дамждаг. Үүнд 5, 10, 15 жил болж байж хавдар үүснэ. Энэ хугацаанд хавдрын өвчнөөс эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрт илрүүлбэл эмчилгээ үр дүнтэй болж, бүрэн эмчлэгдэх боломжтой.
Дархлаа сайн байвал вирус өөрөө устаж алга болно гэсэн үг үү?
Амьдрал дээр умайн хүзүүний хавдраар өвдсөн эсвэл, хавдрын урьдал эмгэг илэрсэн эмэгтэйчүүд сэтгэл зүйн цочролд ордог. Энэ нь өвчний тухай ойлголт дутмаг, хорт хавдар гэдгээр нь хүнд тусгаж авдаг. Үнэндээ хүний папиллома вирусын халдварыг хэн ч, хэзээ ч авч болно. Гэхдээ хүний биеийн дархлаанаас шалтгаалан цөөн тохиолдолд халдвар үгүй болох бөгөөд харин халдвар нь арилахгүй бол цааш урьдал эмгэг, умайн хүзүүний хорт хавдар болох аюултай.
Умайн хүзүүний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүний папиллома вирусын халдвараас хэрхэн сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. ХПВ халдвартай эсэхээ вирус илрүүлэх шинжилгээг өгч мэдэж болно. 30-60 насны бүсгүйчүүд 3 жилд нэг удаа өөрийнхөө эрүүл мэндийн төлөө сэтгэл гаргаад эрт илрүүлэг үзлэгт хамрагдан умайн хүзүүний эсийн шинжилгээ өгч байвал энэ өвчнөөр өвдөхгүй урьдал эмгэг өөрчлөлттэй үед нь оношлогдох бүрэн боломжтойгоор барахгүй хавдраас өөрийгөө бүрэн сэргийлж чадна. Тэр дундаа умайн хүзүүний хорт хавдар үүсгээд байгаа хүний папиллома вирусын өндөр эрсдэлтэй 14 хэв шинжийн халдвар байна уу гэдгийг илрүүлэх үзлэг оношилогоонд хамрагдаж ирээдүйд учирч болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. Бэлгийн ариун цэврийг сайн сахиж, үрэвсэлт өвчнөө сайн эмчлүүлж, биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх хэрэгтэй. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусын эсрэг маш чухал урьдчилан сэргийлэлт бол вакцин юм.
Манай улсад хорт хавдрын өвчлөл дунд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол ямар хэмжээнд байгаа вэ?
Умайн хүзүүний хавдар сүүлийн 20-25 жилд Монгол улсад зонхилон тохиолддог таван хавдрын нэг байсан, одоо ч хэвээр байгаа.
Тодруулбал хамгийн анх 1997 онд “Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 80 дугаар тогтоолоор баталсан. Ингэхэд умайн хүзүүний хорт хавдар дөрөвт багтдаг үндсэн хорт хавдар гэж тодорхойлсон. Харин эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдраас элэгний дараа хоёрдугаарт ордог, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн системийн хавдраас хамгийн эхнийх гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл 2020 оны байдлаар хэвээрээ л байна. Монгол улсад жилдээ 330-360 умайн хүзүүний хорт хавдартай эмэгтэй бүртгэгддэг. Зарим жилүүдэд 400 ч хүрдэг. Насны хувьд 35-65 насны эмэгтэйчүүд байдаг. Дэлхийд жилдээ 18.000.000 хүн хорт хавдраар оношлогдоход 560.000 гаруй умайн хүзүүний хорт хавдартай эмэгтэйчүүд бүртгэгддэг. Дэлхий дээр умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл Азийн бүс нутагт хамгийн өндөр байдаг. Азийн бүс нутаг дотроо хүн ам ихтэй Солонгос, Япон, Хятадтай харьцуулахад Монгол улс эдгээр улсуудын умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөрөө тэргүүлж байгааг ДЭМБ-ын судалгаагаар гаргасан. Хөгжсөн улс орнууд эрт үе шатандаа оношилж, эмчилж чадаж байна. Гэтэл манай улсын эрт илрүүлэг үзлэгт хамрагдах хувь 40 хувьд ч хүрэхгүй байгаа нь харамсалтай байна.
ДЭМБ-аас юу гэж зөвлөж байна вэ?
ДЭМБ болон бусад Олон улсын байгууллагууд нэгдэн 2018 оноос Умайн хүзүүний хорт хавдаргүй Дэлхий болох уриалгыг гарган 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг 100.000 эмэгтэйд өвчлөл 4 болгох уриалгыг дэвшүүлээд байгаа. ДЭМБ-аас умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахын тулд хэд, хэдэн арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэхийг зөвлөж, үүнд 9-14насны охидыг 90 хувь хүний паппилома вирусын эсрэг дархлаажуулалт хамруулах, зорилтот насны эмэгтэйчүүдийн 70 хувийг нь эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулах, умайн хүзүүний хорт хавдар оношлогдсон эмэгтэйчүүдийн 90 хувьд амьдралын чанарыг алдагдуулахгүйгээр тусламж үйлчилгээг үзүүлэхийг зөвлөж байна. 2012 оноос хойш Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг эсийн шинжилгээний аргад суурилан хэрэгжүүлж эхэлсэн ч өнөөгийн байдлаар хамрагдалт дөнгөж 38 хувь байгаа нь хамрагдалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг нэг талаасаа харуулж байна. Мөн ДЭМБ–аас зорилтот насны эмэгтэйчүүдийн эрт илрүүлэгт эсийн шинжилгээний аргаас гадна ХПВ илрүүлэх шинжилгээний аргыг 35, 45 настай эмэгтэйчүүдээс авахыг зөвлөж байна.
Та сая вакцины талаар дурьдлаа. Тодруулбал?
Дэлхийн хөгжилтэй улс орнуудад 9-14 насны охидыг хүний папиллома вирусын эсрэг вакцинд хамруулдаг. Зарим хөгжилтэй мөнгөтэй орнууд охидыг ч, хөвгүүдийг ч вакцинжуулалтанд хамруулдаг. Яагаад эрэгтэй хүүхдийг вакцинжуулж байна вэ, хүний папиллома вирусын тээгч нь эрэгтэй хүн байдаг учир эрэгтэй хүүхдийг бага насанд нь вакцинд хамруулбал том болоод гэр бүлдээ халдвар тараахгүй байх бүрэн боломжтой юм. Тиймээс ДЭМБ-аас бидэнд 9-14 насны охидыг хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтад хамруулах зөвлөмж өгч байгаа. Үүний дагуу ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба хүний папиллома вирусын эсрэг вакциныг Монгол улсад оруулах, хийж эхлэх асуудлыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй хийгдэх байхаа.
Бид анх 2012 онд “Мянганы сорилтын сан”-гийн дэмжлэгтэйгээр “Хөх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг”-ийг хэрэгжүүлж эхлэхдээ дөрвөн газар вакциныг хийж эхэлсэн байдаг. Өмнөговь аймаг, Сэлэнгэ аймаг, Нийслэлээс Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хийсэн. Харамсалтай нь тэр үед нийгмийн сөрөг нөлөөллүүд, вакцины эсрэг сөрөг ухуулгууд хүчтэй явагдаад вакцин хийгдэж чадаагүй. Тэр үед бид вакцинжуулалтыг зоригтой хийсэн бол магадгүй өнөөдөр хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалт хийгдэн бидний охид хамрагдаад явж байх байлаа.
Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөртэй улсын хувьд дархлаажуулалтыг зайлшгүй нэвтрүүлэх хэрэгтэй юм байна гэж ойлгож болох уу?
ХПВ дархлаажуулалтын асуудал өнөөдөр шууд яригдаж байгаа юм биш. Дэлхий биднийг онцолж байна. Дэлхийн долоон том байгууллага “Дэлхийг умайн хүзүүний хорт хавдаргүй цэнхэр гариг болгоё” гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд умайн хүзүүний хорт хавдрын хамтарсан хөтөлбөрийг гаргасан.
Тэрхүү хөтөлбөрөө өвчлөл өндөртэй 14 улсад хэрэгжүүлье гэсэн зорилго тавьсан. Манай улс тэрхүү 14 улсад багтсан. Үүний дагуу ЭМЯ-аас 2018 онд Эрүүл мэндийн сайдын А82 тушаал гарсан байдаг. Энэ тушаалын хүрээнд бид Монгол улсын хэмжээнд бүх үйл ажиллагаагаа зангидан ажиллаж байна.
Умай хүзүүний хавдар өвчин ямар шинж тэмдэг, зовиураар илэрдэг вэ?
Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн үед гарах шинж тэмдэг байдаггүй тул зөвхөн эсийн шинжилгээгээр эмгэг өөрчлөлтийг оношилдог.
Харин эмгэг өөрчлөлт нь хавдарт шилжсэн хожуу үед:
-Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах
-Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
-Хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх
-Гуя руу дамжиж өвдөх
-Тодорхой шалтгаангүй турах
-Бие сульдан, ядарч тамирдах шинж илэрдэг байна.
Умайн хүзүү нь бусад эрхтэн дотроос хамгийн мэдрэлжилт муутай (дүлий) эрхтэн тул зовиур шаналгаа мэдэгдэхгүй даамжирсаар байдаг. Хавдрын урьдал өвчин болоод эхэн үед биед ямар ч зовиур илэрдэггүй. Өөрт дээрх шинж тэмдэг бараг мэдэгдэхгүй болохоор эмэгтэйчүүд алгуурлаж цаг алддаг тал бий. Харин хүндэрсэн тохиолдолд энгийн үед ч цус алдана. Хажуу эрхтнүүддээ нөлөөлсөн бол үйл ажиллагаа нь өөрчлөгдөж хямарна. Хавдрын урьдал эмгэг нь хөнгөн, дунд, хүнд хэлбэр гэсэн гурван үе шаттай. Дараагийн шат нь хорт хавдарт шилждэг.
- 30-60 насны эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн шинжилгээг Өрхийн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй хийдэг болсон ч ирж үзүүлдэггүй. Энэ жилээс эхлээд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгтээ ХПВ шинжилгээгээр вирусын халдвар эмэгтэйд байна уу, үгүй юү гэдэг шинэ арга, технологийг Хавдар судлалын үндэсний төвийн лабораторийн тасагт нэвтрүүлж эхлээд байгаа. Өмнө нь эсийн шинжилгээний арга дээр суурилж хийж байсан бол одоо вирус илрүүлэх шинжилгээ рүү нарийвчилж орж байна гэсэн үг. Мөн орон нутагт эрт илрүүлгийг эрчимжүүлж хүртээмжийг нэмэгдүүлбэл орон нутгийн иргэд цаг алдахгүй гэдгийг хэлмээр байна.
- 2019 оны статистик мэдээллийг харахад 333 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон байна. Энэ 333 хорт хавдрын 50 хувь нь эрт үедээ, 50 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон. Оношлогдсон эмэгтэйчүүдийн 56 хувь нь 5 буюу түүнээс дээш жил 3000 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас амьдарч байна. Идэвхитэй хяналтанд явж байгаа 1000 гаруй эмэгтэйчүүд, 2000 гаруй нь эдгэрчихсэн, харьцангуй эрүүл болчихсон эмэгтэйчүүд байна. Умайн хүзүүний хорт хавдар эрт үе шатандаа оношлогдвол эмчилгээ 100 хувийн үр дүнтэй хавдар юм. Бид шалтгааныг нь мэдэж байгаа учир сэргийлэх нь чухал байна. Тэгэхээр эмэгтэй хүн болгон эрт илрүүлэг үзлэгт орох л хэрэгтэй. Та өөрийгөө мэдэхийг хүсвэл эрт илрүүлгийн шинжилгээнд сайн дураараа хамрагдах бүрэн боломжтой. Эсийн шинжилгээ эрүүл мэндийн даатгалд хамрагдчихсан байгаа. Хүний папиллома вирусын шинжилгээг бид эрүүл мэндийн даатгалд оруулахаар ажиллаж байна. Вакцин нэвтрэх л юм бол охидуудыгаа вакцинд хамруулаарай гэж хэлмээр байна. Сүүлийн үеийн мэдээлэл өгөхөд ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албанд 2020, 2021 онд тодорхой тооны вакциныг оруулж ирсэн. Сайн дураар эцэг, эхчүүд нь өөрсдөө шийдвэрээ гаргаад охидуудаа вакцинд хамруулья гэвэл ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба вакцин хэзээ хийж эхэлнэ тэр үед хийлгэх боломжтой.
9-14 насны 300-500 охидод хийх тунг оруулж ирсэн гэж бидэнд анхны мэдээллээ өгсөн. Энэ вакцин нь хоёр тунг хийлгэхэд л таны охин насан туршдаа умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг папиллома вирусээс бүрэн хамгаалагдана гэсэн үг. Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд та шинжилгээгээр хүний папиллома вирусын халдвартай гэдгээ мэдсэн л бол заавал эмчийн хяналтанд явах ёстой. Дараа дараагийн шатны үзлэг оношилгоогоо хийлгэх хэрэгтэй. Зорилтот насны буюу насанд хүрсэн эмэгтэй вакцин хийлгэхийг хүсч байвал вирусын шинжилгээгээ хийлгээд вирус илрээгүй тохиолдолд сайн дураараа вакцин хийлгэж болно. Хэрвээ та вирустай гарвал дархлаажуулалтанд хамрагдаад үр дүнгүй юм. Эмэгтэй та, ХПВирусын халдвартай гэдгээ мэдэж байвал заавал эмчийн хяналтанд орж яваарай.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.