өдөр
шөнө
×

Аз жаргалын жорыг эрдэмтэд олжээ

Английн Бристолийн их сургуулийн эрдэмтэд “Аз жаргалтай болох амархан, үүний тулд өөрийн амьдралд хэдэн тодорхой зуршлыг нэвтрүүлэх ёстой. Үүнийг бид судалгаагаар баталсан” хэмээн мэдэгдэв. Тэдний судалгааны үр дүнг “Higher Education” сэтгүүл нийтэлжээ. Их сургуулийн 228 оюутан уг судалгаанд хамрагдаж “Аз жаргалын тухай шинжлэх ухаан” дамжаанд суулаа. Сургалтын дараа оюутнууд өөрсдийн сэтгэл санааны байдлыг 10-15%-иар дээрдсэн гэж үнэлжээ. Түүнчлэн оролцогчдын тал нь дамжаанд сурсан мэдсэнээ амьдрал дээр хэрэгжүүлж хэвшил болгосон тул эерэг хандлагаа хэвээр хадгалж байгаа тухай ярилаа. Ингээд судалгааны удирдагч, “Аз жаргалын тухай шинжлэх ухаан: Сайн амьдралын 7 хичээл” номын зохиогч доктор Брюс Худын 7 зөвлөгөөг хүргэе. 

1. Сайн үйл бүтээ
Бид хэн нэгэнд туслахдаа тухайн хүний хэрэгцээг өөрийнхөөс дээгүүр тавьдаг. Автобусанд суудал тавьж өгөх, хамт ажилладаг хүнд кофе аягалж өгөх зэрэг энгийн үйл хүртэл та биднийг жаргалтай болгодог аж. Бусдад тусалдаг хүн өөрийнхөө амьдралд илүү сэтгэл хангалуун байгаагаа мэдэрдэг. 

2. Нийгмийн харилцаа холбоогоо бэхжүүл
Өөрийн хамаатан садан, ойр дотны хүмүүстэй тогтмол харьцдаг, эсвэл олон найз ба сайн танилуудтай, эсвэл олон нийтийн газар “small talk”-т байнга оролцдог хүмүүс өөрсдийгөө илүү аз жаргалтай гэж мэдэрдэг. Интроверт хүмүүсийн хувьд арай өөр, гэхдээ л нийгмийн харилцаа холбоо бол хүмүүсийн сайн сайхан амьдралын мэдрэмжид хүчтэй нөлөөлдөг. 

3. Аливааг сэтгэл санаа, биеэр амсч мэдэр 

Сэтгэл зовинол, түгшүүрийн түвшнийг бууруулахын тулд “газардуулга” хэрэгтэй, өөрөөр хэлбэл яг одоо хийж буй зүйл дээр анхаарлаа төвлөрүүл. Халуун цай оочиж эсвэл хайртай нохойгоо илж эсвэл дугуй унан салхи сөрөн давхиж байна гэж төсөөл. Та дуу чимээ, үнэр, амт, мэдрэмжид төвлөр. “Энэ агшин”-ы мэдрэмж таныг тайвшруулан стрессийн түвшнийг бууруулна. 

4. Эерэг хүчин зүйлд анхаарлаа хандуул 
Өнөөдөр таныг хүнд хэцүү өдөр, таагүй үүрэг хариуцлага хүлээж байсан ч гэсэн та өөрт цэнгэл таашаал өгөх ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурах ёстой. Дуртай хамтлагийн концертод орой очно, эсвэл найзуудтайгаа аяга дарс амтална гэх мэт. 2017 онд явуулсан судалгаанаас үзэхэд, 60 -аас дээш насны хүмүүс 11 долоо хоногийн турш эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж хэвшил болсны дараа өөрсдийгөө илүү аз жаргалтай гэж мэдэрч байжээ. 


5. Бусдад талархаж сур 
Танд тусалсан хүмүүст талархаж байгаарай. Хэнд баярлаж талархаж явдгаа хааяа нэг эргэн дурс, бодож эргэцүүл. Өмнө нь анхаарал хандуулаагүй ялихгүй зүйл ч байж мэднэ. Таны хань үргэлж өглөө нохойгоо салхилуулдаг уу? Таны өмнөөс найз чинь номын сан орж ном тушаав уу? Таны эрхэмлэн нандигнадаг хүмүүс өөрт тань анхаарал халамж тавьж буй мэдрэмжийг юугаар ч орлуулшгүй болохыг Калифорний их сургууль, Майамийн их сургуулийн судлаачид тогтоожээ. 

6. Биеийн хөдөлгөөнийг эрхэмлэ 
Гүйлт, усанд сэлэлт, дугуй унах, уулын цана, спорт зааланд дасгал сургуулилт хийх, гадуур алхах зэргээр аливаа хөдөлгөөн үнэндээ сэтгэл санааг өргөдөг. Өдөр тутам ядаж 10 минут биеийн ачаалал, дасгал хийх нь сэтгэл санааг өргөдөг болохыг Мичиганы их сургуулийн судалгаа нотолсон. 


7. Ухамсартай бай 
Өөрийн “дотор” луу өнгийж хар, сэтгэл санаандаа илүү их анхаарахыг хичээ. Яагаад яг энийг хийхийг хүсэв? Тэрийг хийх гэж өөрийгөө албадах шаардлагатай юу? Эдгээр асуултад хариулахын тулд өдрийн тэмдэглэл хөтөл, эсвэл бясалгаж хийж сурвал зохино. Үүний дүнд стресс, түгшүүрийн түвшин буурдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top