өдөр
шөнө
×

Чихэрлэг ундаа элэгний өвчин тусахад нөлөөлдөг гэв

“Амтлаг, чихэрлэг ундаа эрүүл мэндэд сайнгүй нөлөөлж улмаар элэгний өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг” хэмээн АНУ-ын “Brigham and Women’s Hospital”-н эрдэмтэд мэдэгдлээ. Судалгаанд бараг 100 мянган эмэгтэй оролцжээ, тодруулбал 98786. Тэд хийжүүлсэн ус, жимсний коктейль, эрч хүчний ундаа, хүйтэн цай зэрэг алкогольгүй, чихэрлэг ундаа хэрэглэсэн тухай мэдээллээ 20 гаруй жилийн турш тогтмол илгээж байв. Судлаачид мөн элэгний хорт хавдар болон фиброз, цирроз, архаг гепатит зэрэг элэгний өвчнөөр нас барсан иргэдийн талаарх албан мэдээг нэгтгэн дүгнэжээ. 
Оролцогчдын 6,8% нь өдөрт 1 ба түүнээс дээш удаа чихэрлэг ундаа уудаг бол 13,1% нь ийм ундааг амт оруулагчтай хэрэглэдэг аж. 20,9 жил ажиглах хугацаанд чихэрлэг ундаа уудаг эмэгтэйчүүдээс 207 -д нь элэгний хорт хавдар тусчээ.
Өдөр бүр 1 ба түүнээс дээш удаа чихэрлэг ундаа хэрэглэдэг эмэгтэйчүүдийг сард 3-аас цөөн удаа ийм ундаа уудаг хүмүүстэй харьцуулахад элэгний хорт хавдар тусах эрсдэл 85% өндөр, харин элэгний архаг өвчнөөр нас барах эрсдэл 68% их байлаа. Гэхдээ эрдэмтэд “Ийм их хэмжээний өгөгдөл, бааз ашиглах үед үр дүн нь ассоциатив чанартай, өөрөөр хэлбэл тэдгээр хүчин зүйлсийн хооронд уялдаа холбоо байгааг тогтоохоос биш учир шалтгааны холбоог заагаагүй. Тэгээд ч судалгааны үр дүнд өөр бусад хүчин зүйл нөлөөлөх магадлалтай, жишээ нь оролцогчдын амьдралын хэв маяг, хоол тэжээл, бусад өвчин, удамшил, тэр бүү хэл элэгний хорт хавдрыг оношлох арга зүйд гарсан өөрчлөлт... Энд зөвхөн эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулсан, иймээс эрчүүдийн хувьд өөр үр дүн гарч болзошгүй” хэмээн анхааруулав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top